5G хэзээ үйлчилгээнд нэвтрэх, ямар онцлогтой байх вэ?
ITU буюу Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас үүрэн холбооны стандартуудыг тодорхойлдог. Бидний одоогийн хэрэглэж байгаа 3G үйлчилгээг IMT-2000, удахгүй хэрэглээнд нэвтрэх 4G үйлчилгээг IMT-Advanced нэрээр стандартчилж, шаардлагуудыг тодорхой болгосон. Үүнтэй нэгэн адил одоогийн технологийн түвшин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, оператор компаниуд, гар утасны компаниудын боломжуудыг харгалзан үзэж 5G стандартыг ITU тодорхойлно.Шинжээчдийн үзэж байгаагаар 2020 он хүртэл LTE буюу 4G технологийн шинэ, сайжирсан хувилбарууд зах зээлд нэвтрэнэ. Үүний дараа 2020 оноос 5G технологи нэвтэрнэ гэсэн таамаглал дэвшүүлж байна.
3G, 4G технологиуд нь гар утсаар өндөр хурдтай интернет дамжуулахад ихээхэн анхаарч байсан нь 5G технологид ч давтагдах хандлагатай байна. Ингэснээр гар утсаар 4K, 8K гэх мэт ультра HD видеонуудыг шууд үзэж, өндөр хурдтай мэдээлэл дамжуулдаг болно. Үүний хажуугаар шинээр бий болж байгаа зах зээл бол IoT (Internet of Things), M2M (Machine to Machine communication) юм.
Самсунг компани 2015 оны CES шоуны үеэр 2020 он гэхэд Самсунгийн бүх төхөөрөмжүүдийг интернетэд холбогддог, бие биетэйгээ мэдээлэл солилцдог болгоно гэж зарлалаа. Бусад компаниуд ч энэ чиглэлд маш хурдтай ажиллаж байна. Ингэснээр оператор компаниудын хувьд СИМ карттай хөргөгч, угаалгын машин зэрэг гэр ахуйн хэрэгсэлүүд, автомашинууд, төрөл бүрийн тоолуур, хэмжигчүүд гол хэрэглэгчид нь болохоор байна.
Одоогийн технологид суурилсан төрөл бүрийн IoT, M2M төхөөрөмжүүд зах зээлд бага багаар нэвтэрч байгаа боловч 3G, 4G технологиудийг энэ чиглэлд ашиглахад төдийлөн тохиромжтой биш байна. Хэдэн зуун мянгаар тоологдох төхөөрөмжүүд нь системд жирийн гар утас хэрэглэгчидтэй нэг ижил ачаалал үүсгэснээр өндөр зардалтай, нийтээр ашиглахад системийн resource-г ихээр ашигладаг зэрэг дутагдалтай талууд байгаа юм. 5G технологид үүнийг шийдвэрлэхээр нилээд судалгаанууд хийгдэж, үндсэн системийн ажиллах зарчмыг re-architecture хийх санаанууд ч яригдаж байна.
Ухаалаг хотыг бий болгох, томоохон дэд бүтцийг (ус, эрчим хүч, цөмийн байгууламж) хянах, алсын зайн эмчилгээ, оношилгоо, өөрөө өөрийгөө жолооддог автомашин, нийтийн аюулгүй байдал, онцгой байдлын үед заавар, мэдээлэл хүргэх системүүд зэрэг хувь хүнээс илүү төхөөрөмжүүдэд зориулсан технологийн дэвшил, шийдлүүдийг 5G агуулна. Ингэснээр 2030 он гэхэд операторуудын хэрэглэгчийн тоо одоогийнхоос 1000-5000 дахин ихсэнэ гэсэн тооцоог гаргасан байна.
0 comments: