Автомашины талаарх шинэ судалгаа: Жинхэнэ худалдан авагчдийн хүсэл сонирхол тухайн цаг мөчид л оргилдог

11:18 0 Comments


Жиргээнд хүмүүс өдөр тутмын амьдралынхаа талаар бусадтай хуваалцах дуртай байдаг. Одоо унаж байгаа болон худалдан авахаар зэхэж буй автомашиныхаа талаар ч багагүй ярьцгаадаг байна. Canvs (@canvstv)-с Твиттер хэрэглэгчдийн жиргээнд тулгуурлан явуулсан шинэ судалгааны үр дүн тун сонирхолтой гарчээ. Худалдан авахаар зэхэж байгаа, авахыг хүсдэг, эсвэл одоо унаж байгаа автомашины талаар болон автомашинд хэр хорхойтой тухай жиргээний урсгал өдөрт дунджаар 327,000 давдаг байна.
Эдгээр жиргээний урсгал автомашины худалдан авалтад ямар үүрэг гүйцэтгээд байна вэ?
Үүний талаар мэдээлэл цуглуулах үүднээс бид Canvs-тай хамтран 12 сарын туршид хэрэглэгчдийн хамгийн их ашигладаг Tвиттер, Фэйсбүүк, Tumblr зэрэг сүлжээнүүдэд нийтлэгдсэн автомашины талаарх харилцан яриануудад шинжилгээ хийсэн юм. Улмаар Canvs-нхан жолооч нарын харилцан яриа болон топ сэдвүүдийг ангилж худалдан авагч нар шинэ автомашин авахдаа гаргадаг хэд хэдэн алхмуудыг тодорхойлсон байна.
Судалгааны үр дүнд Твиттерт яригддаг автомашины талаарх харилцан ярианууд нь жинхэнэ худалдан авагчдын дунд, байнга, худалдан авах бодит эрмэлзэлтэйгээр өрнөдөг байна. Эдгээр нь автомашин борлуулагчдыг сурталчилгаа явуулахдаа анхаарах чухал хүчин зүйлс юм.

Твиттерийн хэрэглэгчид автомашины талаар байнга ярилцдаг

Дэлхий дахинд хүмүүс Твиттерээр дамжин томоохон арга хэмжээ, үйл явдлуудын талаар жиргэж хоорондоо мэдээлэл солилцдог гэдгийг та бүхэн мэднэ. Үүний хажуугаар хүмүүс энэхүү сүлжээг өдөр тутмынхаа мэдээлэл дамжуулах суваг болгон ашигладаг ба Твиттерээр дамжуулан автомашиныхаа юунд илүү дуртай, хэр найдвартай унаа болохыг, мөн ямар автомашин худалдаж авах хэрэггүй зэрэг олон мэдээллийг бусадтай байнга хуваалцаж байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Canvs-ийн мэдээлснээр Твиттер дээрх автомашины харилцан ярианууд мөнхийн ногоон буюу жилийн 4 улиралд тогтвортой өрнөдөг аж.



Хүмүүс өдөр тутамд зам дээр харсан гоёмсог автомашины талаар өөрийн сэтгэл хөдлөлөө Твиттерт илэрхийлдэг болохыг энэхүү судалгаагаар бас олж харж болохоор байна. Жилд “олж харсан машин”-ы жиргээ дунджаар 2.4 сая давдгаас, 3% нь “миний мөрөөдлийн машин” хэмээх хэллэгийг ашигладаг гэнэ. Твиттерт хэн боловч хүссэн цагтаа гар утаснаасаа нэвтэрч болдог учраас тухайн мөчид төрсөн сэтгэл хөдлөлөө тэр дор нь “шуурхай” илэрхийлдэг нь гарцаагүй.

Үүнээс гадна, Твиттерийн хэрэглэгчид телевизийн зар сурталчилгаагаар олж харсан автомашинуудын талаар сэтгэл хөдлөлөө байнга илэрхийлдэг байна. Millward Brown-ий судалгааны үндсэн дээр, зах зээлийн хэрэглэгчид телевиз болон Твиттер аль алинаас сурталчилгааг харсан бол тухайн брендэд хандан жиргэх магадлал 9 дахин, Retweet хийх магадлал 4 дахин, брендийн талаар жиргэх магадлал 3 дахин, мөн тухайн брендийн Твиттер хаягийг дагах магадлал 2 дахин өсдөг нь ажиглагджээ.



Сурталчилгаанд анхаарах зөвлөмж: Твиттер дээр сурталчилгаа явуулахдаа маш нухацтай анхаарах зүйл бол агуулгын стратеги буюу “content strategy” юм. Хүмүүс автомашиныхаа талаар, амьдралдаа өрнөж буй мөчүүдийн талаар хуваалцаж байх үед нь өөрийн брендээ тухайн үйл явдалтай холбосноор хэрэглэгчдийн идэвхтэй оролцоо буюу “engagement” ихэсдэг. Хүмүүст өөрийн брендийн талаар ярилцах шалтгаан, үйл явдлыг бий болгож өгөх хэрэгтэй. Жишээ нь Mercedes Benz компани #MilleMiglia буюу Итали дахь эртний чамин загвартай автомашинуудын уралдааныг Periscope-оор дамжуулан цацсанаар Benz-н талаар нэлээдгүй шуугиад авчээ.

Твиттерийн хэрэглэгчид нь автомашин эзэмшигчид, худалдан авагчид байдаг.

Твиттер дээрх автомашины талаар харилцан ярианы 75%-ийг хэрэглэгчид өөрсдөө удирдаж байдаг. Өөрөөр хэлбэл ихэнх жиргээ захиалгатай, эсвэл брендүүдээс зохион байгуулалттай байдаггүй - харин ч автомашинд үнэн голоос дуртай худалдан авагч, жолооч нар өөрсдөө маш идэвхтэй байдаг байна.
Мөн ихэнх хүмүүс автомашины талаар бусадтай санал бодлоо хуваалцах үедээ Твиттерийг түгээмэл ашигладаг. Бидний олж мэдсэнээр машин худалдаж авахаар сонирхож байгаа хүн Твиттерийг зарах машин, эсвэл дажгүй хямдралын боломж олоход ашиглахаас илүүтэйгээр жинхэнэ жолооч нараас зөвлөгөө авахад ашигладаг байна. Зөвлөгөө, худалдан авалтын ярианы харьцаа 4:1 байдаг сонирхолтой дүн гарчээ.
Гэсэн хэдий ч бид тухайн салбарын чухал үйл явдлын үеэр жиргээ ихэсдэг болохыг илрүүлсэн бөгөөд Canvs-ийн ажигласнаар худалдааны арга хэмжээний үеэр жиргээ 3 дахин ихэсдэг бол, автошоуны үеэр 2 дахин ихэсдэг байна. Үүгээр ч зогсохгүй, Твиттерт тухайн жилийн шинэ загвар зарлагдах үеэр түүнийг худалдан авах хүсэлтэй жиргээ 2 дахин өсдөг болох нь тогтоогджээ.



Сурталчилгаанд анхаарах зөвлөмж: Танай автомашиныг эзэмшдэг үнэнч хэрэглэгчидтэй байнга холбоотой бай. Дан ганц брендээ дурдахаас гадна холбогдол бүхий харилцан яриануудад оролцох нь хэрэгтэй. Санаачилгатай байж, тодорхой үзүүлэлтүүд болон давуу талуудыг илэрхийлсэн сэтгэл хөдлөлтэй холбоотой жиргээнд оролцоорой.

Твиттерийн хэрэглэгчдэд худалдан авалт хийх бодит эрмэлзэлтэй байдаг.

Тэгэхээр, Твиттерт харилцан ярианы чухам аль түвшинд автомашины талаар мэдээлэл, сэтгэл хөдлөл нь бодитоор худалдан авах эрмэлзэлд хөтөлдөг вэ? Нийтдээ, худалдан авалтын жиргээний 60% нь худалдан авалтаас өмнө хийгддэг бол 30% нь худалдан авах явцдаа хийгддэг байна. Хамгийн гол нь хэрэглэгч шинэ унаагаа худалдан авах бүхий л үйл явцыг Твиттерээр бусадтай хуваалцаж байдагт байгаа юм.
Твиттер брендүүдэд худалдан авалтын шийдвэр гаргалтад хэрэгтэй цагт нь нөлөөлөх маш өвөрмөц боломжийг олгодог. @Canvstv-ийн судалгаагаар хэрэглэгчид автомашин худалдан авахаар зэхсэн талаарх жиргээг дунджаар худалдан авалтаас 72 цагийн өмнөөс явуулж эхэлдэг байна. Үүгээр ч зогсохгүй, автомашин худалдан авалтын харилцан ярианы тал орчим нь өөр хэн нэгэнд тохиолдсон туршлагын талаар дурдагддаг ажээ.



Хэрэглэгчид худалдан авалт хийсний дараа ч Твиттерийг бүрэн ашигласаар байдаг ба шинэхэн автомашинаа “гайхуулах” жиргээнүүдийг нисгэж эхэлдэг байна. Твиттерт хэрэглэгчдийн өөрсдийн автомашинаа сурталчилсан жиргээ нь жилд 2.2 сая хол давсан байдаг - эдгээр шинэ автомашины зургуудын 23%-д нь эзэмшигч нь өөрөө зурагтаа багтсан байдаг.
Сурталчилгаанд анхаарах зөвлөмж: Идэвхэжсэн худалдан авагчдын анхаарал татахуйц агуулгатай мэдээллүүдийг хуваалц. Шинэ тээврийн хэрэгслийн загварын гол санаа болон инноваци зэрэг ялгарах үзүүлэлтүүдийг онцолж өгөх хэрэгтэй. Тээврийн хэрэгслийн үзүүлэлт болон онцгой шинж чанаруудыг агуулсан зураг, дүрс, бичлэг зэргийг ашиглан хэрэглэгчдэд хүр.

Дүгнэлт

Өдөр тутам автомашин эзэмшигчид, худалдан авагчид таалагддаг машиныхаа талаар, худалдан авахаар төлөвлөж байгаа тухайгаа хоорондоо ярилцаж байдаг - энэ нь брендүүдэд Твиттерээр дамжуулан хэрэглэгчдэдээ худалдан авалтын бүх шатанд нөлөөлөн хамт байх гайхалтай боломжийг нээж өгч байгаа юм. Твиттерийн хэрэглэгчдийг онц сонирхолтой агуулга бүхий жиргээгээр сайн хангаж өг, мөн танай автомашиныг бусдаас онцгойруулж байдаг инноваци, үзүүлэлт болон онцгой шинжүүдийг нь илүү харуул. Твиттер дэх стратегиа борлуулалтын үйл ажиллагаа, арга хэмжээ болон шинэ бүтээгдэхүүний нээлт, танилцуулга зэрэгтэй уялдуулахаас гадна бусад мэдээллийн хэрэгслүүд болох ТВ сурталчилгааг ч мартаж болохгүй. Төгсгөлд нь хэлэхэд, зах зээлд хүчтэй дохио болдог хүмүүстэй холбоотой байх хэрэгтэй, жишээлбэл танай брендийн талаар тогтмол жиргэдэг хүмүүстэй байнга харилцаж байх нь зүйтэй юм.


0 comments: